House систем гэж юу вэ?
House систем нь анх Их Британийн дотуур байртай сургуулиудад XVII–XIX зууны үед үүссэн боловсролын зохион байгуулалтын хэлбэр юм. Сурагчид сургуулийн кампус дотор байрлан суралцдаг байсан тул тэдний өдөр тутмын амьдрал, хүмүүжил, сахилга бат, сургуулийн үйл ажиллагааг илүү зохион байгуулалттай болгохын тул жижиг бүлгүүдэд хуваарилдаг байжээ. Эдгээр бүлгийг “House” хэмээн нэрлэдэг болсон.
Цаг хугацааны явцад House нь зөвхөн амьдрах байрны зохион байгуулалт байхаа больж, сурагчдын хамтын нийгэмлэг, багийн тогтолцоо болон хөгжсөн. Сурагчид өөрсдийн House-ийн нэрийн өмнөөс спорт, академик, соёлын болон нийгмийн үйл ажиллагаанд оролцож, хамтын ажиллагаа, харьяалагдах мэдрэмж, сургуулийн соёлыг хөгжүүлдэг болсон.
House системийг сургуулийн соёлын чухал хэсэг болгон хөгжүүлсэн Английн уламжлалт сургуулиудад Eton College, Harrow School, Rugby School зэрэг сургуулиуд багтдаг.
XX зуунаас эхлэн House систем нь зөвхөн дотуур байртай сургуулиудад бус, дэлхийн олон улсын болон ердийн сургуулиудад өргөн нэвтэрч эхэлсэн. Өнөөдөр энэхүү тогтолцоог сурагчдын харьяалагдах мэдрэмжийг нэмэгдүүлэх, манлайлал, багаар ажиллах болон харилцааны ур чадварыг хөгжүүлэх зорилгоор ашигладаг.
House системийн боловсролд үзүүлэх ач холбогдол
Манлайлал
Сурагчид өөр өөр нас, ангийн сурагчидтай хамтран ажиллах боломжтой. Ахлах ангийн сурагчид бага ангийн сурагчдыг дэмжиж, чиглүүлэх замаар манлайлал болон хариуцлагын мэдрэмжээ хөгжүүлдэг.
Харьяалагдах мэдрэмж
Сурагчид өөрийн House-тэйгээ ижилсэж, хамтын зорилгын төлөө ажилласнаар сургуулийн хамт олны нэг хэсэг гэдгээ илүү хүчтэй мэдэрдэг.
Багаар ажиллах чадвар
House-ийн үйл ажиллагаа нь сурагчдын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг болон хамтын хариуцлагыг хөгжүүлдэг.
Идэвх оролцоо
Спорт, урлаг, академик болон нийгмийн үйл ажиллагаанд House-аараа оролцох нь сурагчдын сургуулийн амьдрал дахь идэвх оролцоог нэмэгдүүлдэг.
Орчин үеийн боловсролд сургууль нь зөвхөн академик мэдлэг олгохоос гадна сурагчдын нийгмийн ур чадвар, зан төлөв, хамтын амьдралд бэлтгэх чухал үүрэгтэй гэж үздэг.
House систем нь сурагчдыг зөвхөн мэдлэгтэй төдийгүй бусадтай хамтран ажиллаж чаддаг, өөртөө итгэлтэй, хариуцлагатай, манлайлах чадвартай хувь хүн болгон төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулдаг.
Хүлэг сургуулийн House систем
Huleg International School нь House системийг сургуулийн соёлыг бэхжүүлэх, сурагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх, хамтын хөгжлийг дэмжихэд чиглэсэн өөрийн онцлог бүтэцтэйгээр хэрэгжүүлдэг.
Хүлэг сургуулийн House систем нь сургуулийн логоны өнгийг бэлгэдсэн Улаан, Цагаан, Шар гэсэн гурван House-оос бүрддэг. Сурагч бүр эдгээр House-ийн аль нэгэнд харьяалагдаж, хичээлийн жилийн турш сургуулийн олон төрлийн үйл ажиллагаанд House хамт олонтойгоо оролцдог.
Сурагчид 3-р ангиас House-д харьяалагдана
6–12-р анги
6–12-р ангийн сурагчид гурван House-д тэнцүү, санамсаргүй байдлаар хуваарилагдана. Нэг House-д хуваарилагдсан сурагч сургуулиа төгсөх хүртлээ тухайн House-ийн гишүүн хэвээр байна.
Энэ нь сурагчдад House-тэйгээ урт хугацааны холбоо үүсгэж, сургуулийн хамт олны идэвхтэй гишүүн байх боломжийг бүрдүүлдэг.
Сурагчид манлайлж, багш нар дэмжинэ
Хүлэг сургуулийн House систем нь сурагчдын манлайлал-д суурилдаг. House бүр ахлагч болон дэд ахлагчтай бөгөөд эдгээр албан тушаалыг ахлах ангийн сурагчдын дунд сонгуулийн зарчмаар сонгодог.
Багш нар мөн House-д хуваарилагдан, House-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Энэ нь сурагч, багшийн хамтын ажиллагааг бэхжүүлж, сургуулийн нэгдмэл, дэмжлэгтэй орчныг бүрдүүлдэг.
Улаан, Цагаан & Шар
Эрч хүч. Зориг. Манлайлал.
Улаан House нь эрч хүч, зориг, манлайллыг илэрхийлдэг. Сурагчид сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтын ажиллагаа болон манлайллын үлгэр жишээг харуулахыг зорьдог.
Улаан House нь сургуулийн үйл ажиллагаа, үйл явдлыг сар бүр нэгтгэн видео хэлбэрээр бэлтгэдэг.
Шударга ёс. Хариуцлага. Нэгдэл.
Цагаан House нь шударга ёс, хариуцлага, нэгдлийг илэрхийлдэг. House-ийн гишүүд хамтын ажиллагаа, харилцан хүндэтгэлийг эрхэмлэж, сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.
Цагаан House нь сургуулийн Halloween арга хэмжээг зохион байгуулж, сурагчдын бүтээлч оролцоог дэмждэг.
Бүтээлч байдал. Эерэг хандлага. Санаачилга.
Шар House нь бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, санаачилгыг илэрхийлдэг. Сурагчид сургуулийн мэдээлэл, соёлын орчныг баяжуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.
Шар House нь сургуулийн долоо хоног тутмын сониныг бэлтгэж, мөн Цагаан сарын арга хэмжээ зохион байгуулан үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулдаг.
House үйл ажиллагаа
House онооны самбар
House-ууд сургуулийн спорт, академик, урлаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд оролцож жилийн турш оноо цуглуулна.
2025–2026 оны хичээлийн жилУлаан House
Цагаан House
Шар House
Сурагчдын идэвх оролцоо, House тэмцээн, спорт, академик болон сургуулийн бусад үйл ажиллагааны үр дүнд House бүр оноо авна.
Нэг сургууль. Гурван House. Нэг хамт олон.
House системээр дамжуулан сурагчид урт хугацааны нөхөрлөлийг бий болгож, манлайлах боломжоо нээн, бие биенээ дэмжиж, Хүлэг Интернэшнл сургуулийн амьдрал, соёлд идэвхтэй хувь нэмэр оруулдаг.